logo

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

Ц.МӨНХБАТ:  -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

-Монгол улсын Их Хурлын гишүүн Цагаанхүүгийн МӨНХБАТ цаг үеийн асуудлаар манай сонины асуултад хариулсныг дор нийтэллээ.

Ц.Мөнхбат

  -Сайн байна уу,  Сайхан зусч байна уу.  Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаас хойш яг нэг жилийн ойн дээр тантай анхны ярилцлагаа хийж байна. Хууль тогтоох байгууллагад ажилласан нэг жилийн ажил ерөнхийдөө юунд чиглэв?

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -Сайн байна уу? Сайхаан, та сайхан зусаж байна уу? “Дундговийн амьдрал” сонины нийт уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш анх удаа энэхүү сониндоо ярилцлага өгч байна. Орон нутагт хэвлэл мэдээллийн байгууллага оршин тогтноход хувь нэмрээ оруулж байгаа танд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Хууль тогтоох байгууллага түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлж өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж олон хууль, тогтоомжуудыг батлан гаргалаа. Сонгуулийн шинэ тогтолцоогоор нэг аймгаас биш бүсчилсэн хөгжлийн хүрээнд говийн бүсийн дөрвөн аймгаас сонгогдож гишүүн болсон. УИХ-ын гишүүд бид сонгогдсон 4 аймгийнхаа иргэдийн нийтлэг эрх ашиг, түүнийг дагасан асуудлууд, түүнд чиглэсэн төсвийн шинэчлэлүүд дээр голлон анхаарч ажиллахыг зорьж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт бол манай бүсийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Тиймээс миний хувьд холбогдох байнгын хороо буюу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд орж ажиллаж байна. Энэ талаарх салбарын бодлогод говийн бүс нутгаа түлхүү хамруулах, говьд тулгамдаад байгаа цөлжилтийг хэрхэн бууруулах, гадаргын усыг говь руу чиглүүлэх, тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор говьд мод тарих хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчны чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг чиглүүлэх зэргээр ажиллаж байна.

Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамын эвдрэлүүдийг засах шинэчлүүлэх, замыг их засварт оруулах тал дээр холбогдох газруудад нь үргэлж санал хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлүүлэн ажиллаж байсан. 2025 оны улсын төсвийг хэлэлцэх явцад замын их засвар, хэвтээ тэнхлэгийн замын хөрөнгө оруулалт зэрэг нэлээд хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөвт тусгуулсан байсан боловч төсөв хэмнэх, алдагдалгүй төсөв батлахтай холбогдуулаад зарим төсөв хасагдсан. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд 40 гаруй км зам их засварт орно. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозам нийтдээ 157 км замыг их засварт оруулах шаардлагатай. Бид 2025, 2026, 2027 онд бүрэн их засварт оруулж дуусгахаар төсвийн бодлого дээр тусгахаар  ажиллаж байна.

                        ДОТООД, ГАДААД ТОМИЛОЛТ ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮНДЭСЛЭЛИЙГ СУДЛАХАД ЧИГЛЭГДСЭН

-Таны сонгогдсон тойрог нэг аймаг биш, 4 аймгийн 47 сумыг  хамарсан говийн бүс. Сонгогчдоос санал хүсэлт их л ирдэг биз. Тэдний санал хүсэлтийн гол  агуулга юунд чиглэж байх юм?Ц.Мөнхбат

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль тогтоох, хууль батлах бүх шатанд оролцож, баталсан хуулиа тайлбарлан таниулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Хэлэлцэгдэж байгаа хуулиуд нь ард иргэдийн эрх ашигт нийцсэн, хамгаалсан хуулиуд батлагдах учиртай бөгөөд энэ удаагийн Улсын Их Хурал хүн төвтэй, хүний хөгжил рүү чиглэсэн хууль тогтоомжуудыг батлан гаргах үндсэн зарчим барьж ажиллаж байгаа. Миний хувьд үүнийг маш ихээр дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хүний хөгжилд анхааралаа бүрэн хандуулж ажиллаж ирээгүй дутагдал байсныг үгүйсгэхгүй. Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа энэ асуудлыг засаж  залруулан хүний хөгжлийг бодож, энэ чиглэл рүү голчлон төвлөрч ажиллаж байсан. Орон нутгийн иргэдээс ирж буй санал хүсэлт олон янз байдаг. УИХ-ын гишүүнд хандан хууль тогтоомжинд тусгуулах санал хүсэлт ирүүлэх нь ховорхон, иргэд өөрт тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэхэд тусламж, дэмжлэг хүссэн хүсэлтүүд ихэнх хувийг эзэлнэ. Тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалсан болон хувь хүний эрх ашиг талаасаа хандаж байгаа ч асуудал байна. Бидний хувьд нийтлэг эрх ашгийг хангасан асуудлыг авч үзэх учиртай. Санхүүгийн дэмжлэг хүссэн гуйлт хүсэлтүүд, ажил албан тушаалд томилогдох хүсэлтүүд ч байдаг. Тойргийн ард иргэдээсээ ирүүлсэн  хүсэлтүүдийг шийдвэрлэхэд  гүүр болон ажиллаж тус дэмээ хүргэхийг зорьж ажиллаж байна. Өмнөх Засгийн газарт Ардчилсан нам хамтарч байсан хугацаанд зарим асуудлууд харьцангуй сайн шийдэгдээд явж байсан. Шинэ засгийн газарт Ардчилсан нам орохгүйгээр сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллахаар болсон. Цаашид сөрөг хүчний байр сууриа хадгалан зөв асуудалд дэмжээд, бурууд шүүмжлэлтэй хандаж засаж залруулаад явна.

           

-Парламентын гишүүний хувьд хэд хэдэн удаа гадаад томилолттой ажиллаа, энэ тухайд...?

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -Миний хувьд өнгөрсөн оны 11 сард Монгол-Узбекстаны парламентийн бүлгийн дэд даргын хувьд Узбекстан улсын парламентийн урилгаар төрийн сонгуулийн ажиглагчаар оролцсон. Бүх шатны сонгуулийг хамт явуулж   хүн хүч, цаг хугацаа, санхүүгийн хувьд бодит хэмнэлт хийдэг сайн туршлагыг судалж манай орны хувьд цаашид сонгуулийн тогтолцооны энэ хувилбарыг судлан үзэж хэрэгжүүлэх боломжтой талаарх сайн туршлагыг судалсан. УИХ-ын болон орон нутгийн сонгууль зэрэг явагдсанаар улс төрийн намууд сөөлжилдөг биш аль нэг нь төрийн эрхийг барьж, бодлогоо хэрэгжүүлээд явах боломж бүрдэх боломжтой талаар туршлага хуримтлуулсан. Мөн төрийн албаны тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж БНСУ-ын төрийн албаны зөвлөл, холбогдох яамдад очиж санал солилцож, туршлага судлах ажилд оролцсон. Говийн бүсээс сонгогдсон гишүүний хувиар  Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын төслийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Бээжин хотод China Energy компанийн үйл ажиллагаатай танилцаж, хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг судлах, тус төслийг үргэлжлүүлэхэд  зохицуулалт хийх ажлын хэсэгт орж ажилласан. Төрийн үйлчилгээний процессийг дахин инженерчлэх, төрийн хууль тогтоомжуудад хиймэл оюун ухааныг ашиглан давхардлыг арилгах чиглэлээр Канад улсад зохион байгуулагдсан хуралд Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүний хувиар оролцсон. Өнгөрсөн сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувиар  АНУ-ын Колорада мужид Колорада голын ай сав, тэр бүс нутгийн байгаль орчныг хэрхэн яаж уялдуулж байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн яаж дасан зохицох чиглэлээр The Nature Conservancy олон улсын байгууллагын шугамаар туршлага судлах багийн бүрэлдэхүүнд багтаж  оролцоод ирсэн.

Тойргийнхоо  сонгогдсон   гишүүдийн хамтаар орон нутагт уулзалтуудыг зохион байгуулж ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан УИХ дээр хэлэлцэгдэж буй болон хэлэлцэгдэх хууль тогтоомжуудыг талаар болон  төсвийн хүрээний зарим ойлголт мэдээллүүдийг өглөө. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсон холбогдох яам, төрийн байгууллага, газруудад хүргүүлж асуудлуудыг шийдвэрлэн ажиллалаа. Өнгөрсөн намрын чуулганы завсарлаганаар Дорноговь аймаг, Өмнөговь аймгийн зарим сумдад ажиллалаа. Ирэх намраас Дундговь аймгийнхаа сумд болон Говьсүмбэр аймагтаа ажиллахаар төлөвлөж байна. Бүсээс сонгогдсон гишүүдийн хувьд сонгогдсон  аймгуудынхаа 47 суманд хүрч ажиллах үүрэгтэй. УИХ-ын чуулгантай үед ч цаг заваа зохицуулаад, гишүүд бүр өөрсдийн боломжоороо тов гарган, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтүүдийг сонсох, шийдэх зэргээр зохион байгуулалтанд орон хамтран ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулган болон энэ чуулганаар  стратегийн өндөр  ач холбогдолтой олон хуулиуд орж батлагдаж байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан, өдөр тутмын хуралдаанууд ихтэй байсан учир орон нутагт ажиллах цаг хугацаа харьцангуй бага байлаа.

Ц.Мөнхбат

                        БАГШ НАРЫГ БАГИЙН АМЖИЛТААР УРАМШУУЛСАН НЬ ЗӨВ БОЛСОН

-Таныг  Дундговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд хүний хөгжлийг дэмжих томоохон хөтөлбөр хэрэгжсэн, энэ хүрээнд “Боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн шаардлага, нөхцөл байдлыг тодруулж ярих уу?

 

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -    Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо тэмдэглэдэг  жил буюу 2022 онд  ЭЕШ-ын дүн мэдээгээр 21 аймгаас 17 дугаар байранд орсон байсан. Дундговь аймгийн хувьд боловсролын чанар, улсад үнэлэгдэх үнэлгээ, дундаж дүнгээр харьцангуй дээгүүр ордог байсан. Харамсалтай нь нэлээн сүүл мушгиж байгаа мэдээ аваад хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр судалгаа хийж салбарын удирдлага, багш мэргэжилтнүүдтэй санал солилцож 2023 оныг боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх жил болгон зарласан. Тухайн салбарт хөрөнгө оруулалт нэлээн хийх шаардлагатай байгааг, багш ажилчдаа чадавхжуулж, багаар ажиллах чадварт суралцуулах, урамшуулалын тодорхой систем нэвтрүүлэх, нийтээрээ сайжрах тал дээр түлхүү анхаарч ажилласан. Ижил төрлийн хичээл заадаг туршлагатай, ур чадвар сайтай багш нараа бусад багш нартайгаа нэг баг болгон ажиллах амжилт гаргавал багаараа урамшуулал хүртдэг системийг боловсруулаад хөтөлбөр болгоод явсан. Мөн Улаанбаатар хотын “Оюунлаг” сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад ажилласан.     “Оюунлаг” сургуулийн удирдлага, багш,  хамт олон бидэнд маш сайн тусламж дэмжлэг үзүүлсэн. Өөрсдийн сургууль дээрээ туршлага судлуулах, сургалтын арга барил, олон улсын хөтөлбөрүүдээ өгөх, урамшуулалын системээ санал болгох гээд бидэнд хамаг л нарийн нандин зүйлсээ зааж өгсөн. “Оюунлаг” сургууль бол улсын хэмжээнд сүүлийн 5-6 жил ЭЕШ-ын дүнгээр тогтмол тэргүүлж байгаа бөгөөд ерөнхий захирал, үүсгэн байгуулагч нь манай Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Монгол улсын Гавьяат багш Д.Батсайхан гэж хүн байдаг. Манай өнөөдрийн сургалтын чанар ахиж амжилт гаргаж байгаад Д.Батсайхан захирлын хувь нэмэр маш их байгаа гэдгийг зориуд хэлмээр байна.

Ингээд 2023  онд 12 дугаар байранд орж амжилтаа ахиулсан бөгөөд дараагийн жил нь тэр байраа хадгалж үлдэж чадсан. Энэ жилийн хувьд Дундговь аймаг маань эхний 5 дугаар байранд орсон байна. Тухайн үед хэрэгжүүлж эхэлж байсан хөтөлбөрийн үр дүн хамгийн багадаа 5 жил, цаашлаад 10 жилээс үр дүнгээ өгнө гэж тооцоолж боловсруулж байсан. Мөн бид зөвхөн багш нараа гэхгүй амжилт гаргасан сурагчдаа бас урамшуулдаг байсан. 800 оноо авсан хүүхдээ 4 жилийн сургалтын төлбөрийг бүтэн даах, 700-аас дээш оноо авсан хүүхдүүдээ мөнгөн урамшуулал өгдөг байлаа. Тодорхой үр дүнгээ хурдтайгаар өгч байгаад миний хувьд маш их баяртай байгаа. Мэдээж энэ хөтөлбөр цаашдаа үргэлжлээд явах ёстой. Одоогийн аймаг орон нутгийн удирдлагууд, боловсролын байгууллагын удирдлагууд, бүх багш сурган хүмүүжүүлэгч нар, эцэг эхчүүд нэг зорилготой байж тодорхой төсөв хөрөнгө зарцуулж байж энэхүү хөтөлбөр улам сайн үр дүнд хүрэх болно.

Тэр үед бидний хэрэгжүүлсэн арга хэмжээ зөв байжээ гэдэг нь энэ жилийн ЭЕШ-ын дүн мэдээнээс харж болно. Гурав, дөрвөн хичээл дээр манай аймаг улсын хэмжээнд нэгдүгээр байранд, хоёр ч хичээл дээр хоёрдугаар байранд орсон байна лээ. Нийт боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нар, ажилтан албан хаагч нар, эцэг, эхчүүд, төгсөгч хүүхдүүддээ халуун баяр хүргэж бахархаж байгаагаа илэрхийлье ээ.

      Ц.Мөнхбат                             

НУТАГ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГДМЭЛ САНАА БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Сонгогдож томилогдсон албан тушаал хугацаатай байдаг ч, хамгийн гол нь төрийн ажлын залгамж чанар, өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагааг  дараагийн удирдлага үргэлжлүүлэх тухайд та ямар бодолтой байна вэ?

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Улсын бодлого, шийдвэр орон нутагт нэг мөр хэрэгжиж байх ёстой. Иргэдийн сонгосон сонголтын үр дүнгээр байгуулагдсан орон нутгийн удирдлага түүний багийнхан орон нутгийн хөгжлийн бодлогын залгамж чанарыг хадгалан тодорхой үр дүнд хүрсэн, иргэдэд ээлтэй зөв, орон нутгийн хөгжлийн төлөө чиглэсэн, ажлуудыг үргэлжлүүлэн ажиллах нь илүү ач холбогдолтой. Ард иргэд аль нэг нам, эвсэл гэж талцах хэрэг байхгүй. Бидний өмнө хийж байсан зарим ажлууд үргэлжлээд явж байгаа. Зарим нь өөрчлөгдөөд байхгүй болсон ажлууд бий. Сонгуульд ялж олонхи болсон намын зүгээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлаад явдаг.

Ихэнх тохиолдолд аль ч нам байлаа гэсэн 70-80 хувь нь хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөрт тусгагдахдаа нэршил нь өөр боловч үндсэн бодлогын концепц нь ижил төстэй байдаг. Бидний үед хэрэгжүүлж байсан хүний хөгжлийг дэмжсэн бодлогууд, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах зэрэг чиглэлийн хөрөнгө оруулалтууд үргэлжлээд яваасай, үр дүнд хүрээсэй гэж хүсдэг. УИХ-ын гишүүдийн хувьд шинэ Засаг даргатай харьцангуй ойлголцоод явж байгаа гэж бодож байгаа. Ялангуяа аймгийн нийтлэг эрх ашиг, хүн ард ямар орчинд амьдрах вэ гэдэг нь төр засаг удирдаж байгаа чиглүүлэгч нарын үндсэн үүрэг. Тиймээс бид хоорондоо ойлголцоод хамтраад ажиллах ёстой.

Өнгөрсөн 4 жилийн хувьд миний баримталсан зарчим бол аль ч нам байсан УИХ-ын гишүүдтэй маш сайн ойлголцож эв, эеийг хичээж, бодлогоо зангидаж ажилласан. Тийм ч учраас тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан С.Батболд, Г.Мөнхцэцэг нарын гишүүдтэй маш сайн ойлголцоод ажиллаж байсан гэж боддог. Одоо ч мөн тийм л байхыг хүсэж байгаа. Бид хоёр тийшээ хараад орон нутагт өөр нам, УИХ-ын түвшинд өөр намын төлөөлөл байна гээд ойлголцохгүй, саналаа солилцохгүй, бодлогоо нэгтгэхгүй байх нь хайран цаг хугацаагаа алдан үүний үр дүнд орон нутгийн хөгжлийг хойшлуулах сөрөг үр дагавартай. Тийм учраас нэгдсэн бодлого ойлголттой, аль болох зөвшилцөж, бие биенийхээ саналыг хүндэтгэж байж манай аймаг орон хөгжих учиртай. Үүний төлөө бүх санаа бодлоо чилээж, зүрх сэтгэлээ зориулан явдаг даа.

 

                  -Аймагтаа өнгөрсөн дөрвөн жилд Таны тэргүүлсэн  удирдлагын багийн хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны бодит үр дүн ард түмэнд үзэгдэж харагдаж байгаа.  Хамгийн гол нь  нутаг орны онцлог, ард түмнийхээ зан заншлыг мэдэх, мэдлэг чадвартай залуу үеийнхнээр багаа бүрдүүлсэн нь та бүхний амжилтын үндэс болов уу гэж бодогддог.  Энэ талаар Та ямар бодол, дүгнэлттэй байна вэ?

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -Залуу хүний сайхан нь эрч хүчтэй, зоригтой, тууштай, шийдэмгий байдаг нь давуу тал үүсгэдэг. Бидний хувьд туршлагатай, ахмад үеийнхэнээ багтаа авч хослуулаад ажиллаж байсан. Хамгийн чухал нь эв, эеийг эрхэмлэж, орон нутгийн эрх ашгийг тэргүүнд тавьж хувийн болон намын эрх ашгийг хойш нь тавьж ажилласан. Энэний үр дүнд манай багийг үнэлэх үнэлэмж өндөр байгаа гэдэгт итгэлтэй байдаг.  Цаашид ч гэсэн Дундговь аймгийнхан маань хоорондоо эв эетэй, нам гэж талцалгүйгээр нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгдмэл санаатай байх хэрэгтэй байна. Сонгуулийн үед өөр өөрийн үзэл бодлоороо сонгох эрхээ эдлээд нэр дэвшээд явдаг,  сонгуулийн дараа эргээд эвлэлдэн нэгдэж хөгжлийн бодлого дээр нэгдсэн бодлоготой байх хэрэгтэй. Ингэж байж л бид бусад аймгуудтайгаа өрсөлдөнө. Аймаг, орон нутаг цаашлаад  улсын түвшинд ч тэр манай Дундговь аймгийнхан, говийнхон маань цөөхүүлээ учраас танай, манай гэхгүйгээр нэгдэж хөгжлийн бодлогоо урагшлуулж хөгжлийн манлайд хүрэх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хувийг манай говиос бий болгож байгаа. Гэтэл говийн бүсрүү чиглүүлж байгаа хөрөнгө оруулалтууд, төрийн бодлого хойрго байгаа. Үүнийг бүх түвшиндээ ярьж, шүүмжилж байна. Засгийн газар болгон уул уурхайн бүтээгдэхүүнийг говиос олборлоод эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлж байж буцаагаад тэнд нь үлдээх төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг хангалттай тавьж өгөхгүй байна. Бусад аймгууд уул уурхай нутаг орондоо явуулахгүй гээд эсэргүүцдэг мөртлөө  говийн бүсээс уул уурхайгаа явуулах ёстой, хил нээх ёстой гэх зэргээр хэтэрхий нэг талыг барих хандлага гарч байна. Ийм учраас ард иргэдийнхээ талд зогсож, шийдвэрлэх асуудлаа шийдвэрлүүлж, шийдэж чадах асуудлаа шийдээд явдаг байх  бодолтой байдаг.

Ц.Мөнхбат

-Ярилцсанд баярлалаа.

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -“Дундговийн амьдрал” сониноор дамжуулан бүс нутгийнхаа нийт иргэд, сонгогчидтой цаг үеийн мэдээллээр уулзаж байгаад баяртай байна. Манай говийн бүсийн нутгуудад өвөл, хавар сайхан тогтуун болж өнгөрлөө. Зуншлага ч мөн сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Налгар намрын өдрүүдээр бүсийнхээ иргэд, сонгогчидтой уулзаж санал хүсэлтийг нь сонсож, УИХ болон засгийн газрын цаг үеийн асуудлыг танилцуулах уулзалтуудыг төлөвлөж байна.

 Нийт говийн бүсийн ард иргэд та бүхэн минь үндэснийхээ их баяр наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлж сайхан наадаарай.

                                                                                   

 

 

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.