logo

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

А.ЛХАГВАА: "ГОВЬ КАРАВАНСАРАЙ” БОЛОН “СЭТГЭШГҮЙ ОДОД”-ЫН ТАТАХ ХҮЧИН :

                        "Сэтгэшгүй оддын чуулган" Монголын зохиолчдын эвлэлийн олон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор                                                                          цом"-ын эзэн, яруу найрагч Аюуруньяагийн ЛХАГВАА    

         Говь... Нууцлаг, увдислаг, сүнслэг... Зүүд зэрэглээ, зөн совингийн “орчлон” ажээ. Энэ л ер бусын орчлонг “Говь караван сарай”-д очоод илүү ихээр таньж мэдсэн юм. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга... Байгалийн энэ үзэмж төгс газар ирэхээр хүмүүний сэтгэл санаа ер бусын цэвэр тунгалаг болдог. Тархи толгой, бие сэтгэлд байсан аар саархан толбо тортог, манан будан арилан... Сэтгэл цэлмэгшин тунгалагшаад орон зай, цаг хугацаанаас алсрах мэт... Сонин гоё орчин ахуйд уусан... “Монголын их амар амгалан чинь энд л байна шүү дээ... гэж дуу алддаг ажээ. Цагаан суварга дээрээс баруун урагш хараа сунгахуйд эрт цагийн балгас... энэ цагийн зэрэглээ...эсвэл тэмээ мал уу гэмээр сонин зүйл анхаарал сонирхлыг татдаг. Тэр бол тэмээ мал ч биш, зүүд зэрэглээ ч биш... “Говь караван сарай” жуулчны бааз. Байгальдаа уусан шингээд улмаар байгалиасаа урган гарсан юм шиг сэтгэгдэл төрөхөөр бүтээн босгосон энэ баазын нэгэн гол эвент “Сэтгэшгүй оддын чуулган”-д очсон минь сэтгэлд нэн тодхон. Дөрвөн жилийн өмнө Дундговь аймагт зохион байгуулсан аялал жуулчлалын форум дээр аймгийн ЗДТГазрын дарга Л.Доржбат “Караван сарай” дээр ийм эвэнт зохион байгуулаач хэмээн санал хэлж, бараг нэр усыг нь оноосон санагдаж байна. Соёлын аялал жуулчлал, дуу хуур, өв уламжлал, од эрхис, байгаль ижий… үүсгэн байгуулагчдынх нь сэтгэлийн гүнээс ундардаг сэдэв. Сэдэл, санал хоёр яв цав нийцэх нь тэр. Ийм хувь тохиолоор энэ ажил бодит үйл хэрэг болж, одоо олон олон хүмүүний сэтгэлийг соронздон татдаг, даллан дууддаг эвэнт болжээ. Хүмүүний сэтгэлийг байгаль дэлхий яаж ойлгож, хэрхэн тосож авдаг, говийн тэр л тэнгэр хангай ямархан гайхалтай мэдрэмжтэй болохыг гайхан биширч билээ. Зургаан сарын хорьдоор болдог эндхийн “Сэтгэшгүй оддын чуулган”-д газар газрын зочид ирдэг ажээ. Шөнийн тэнгэрт яралзах оддыг дурандаж, алсын алсад байгаа гараг ертөнцийг алган дээрээ “тавьж” байгаад харна. Гэрлийн болоод дуу чимээний бохирдолгүй... ийм гайхамшигтай нам гүм орчинд ододтой ярилцахын гайхамшгийг тэнд л мэдэрдэг. Одот тэнгэрийг уншихын хажуугаар өөрийгөө хамгийн тодоор “уншиж” бас нээх нь нэн төгөлдөр. Энэ тэнгэрийн дор ая дуу, бүжиг наадам өрнөнө. “Алтай” хамтлагийн хуур цуур, хөөмэй, “Алтай ятга”-ын эгшиг аялгуунд говийн тэнгэр хөг орон эгшиглэх нь үлгэр мэт. Мөн Хөлгөөгөөр хөглөгдсөн “Тогоон бөмбөр”-ийн чимээ ер бусын орчин, ахуйг үүсгэх аж. Хөлгөө буюу Ганхөлөг гэдэг нэрд гарсан энэ уран бүтээлч Америкийн уугуул тэрхүү хөгжмийг Монголын говьд ийнхүү “нутагшуулаад” хэдэн жил болж буй ажээ. Алтай ятга, Тогоон бөмбөр...Эрт урьдын хүмүүс ийм л хөгжмийг яг энд тоглож байсан болов уу гэмээр. Энэ л байгальдаа уусан шингэж, зохицон зохирч байгаа нь ёстой л маяг юм аа. Монгол үндэсний язгуур урлагийн шид чадалд хүмүүний төдийгүй одот тэнгэрийн дотор онгойж, сэтгэл алдрах шиг мэдрэмж төрнө. Тэнгэр, газар, хүмүүн гурав хэрхэн яаж холбогдон хүч чадлыг хурааж чаддагийг биеэрээ мэдрэх нэг үзүүлбэр нь “Аваргасын тойрон бүжиг”. Зах хязгааргүй их хээр талд Аварга биет хүмүүн арван гурвуулаа эгнэн зогсоод их говьд мэхийн бөхийж үзэгдэх нь сонихон. Тэр бол УГЗ уран барималч А.Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээл. НҮБ-ын төв байрны өмнө байрладаг тэрхүү баримлыг Монголын их говьд дахин амилуулсан нь далд учиртай биз ээ. “Хүн хичнээн ухаантай, хүчтэй ч эх байгалийнхаа өмнө ийм жижигхэн. Тандаа ямагт мэхийн бөхийн, таныгаа ямагт хүндлэн, сүслэн дээдэлнэ” гэсэн үзэл санааг түгээх үүднээс эндхийн эзэд энд байрлуулсан болов уу, энэхүү “Ухамсар”-ын чуулганыг. Тэр л “аварга хүмүүсийн” өлмий дор тэнд цугласан олон бүгдээр гар гараасаа атгалцан галт бөмбөрийн нүргээн дор тойрон бүжиг хийдэг. Нэгэн тэнгэрийн дор, нэгэн хөгжмийн хэмнэл дор, нэгэн чиглэлд уусан нэгдэж, нэгэн зүг рүү тийнхүү тэмүүлэх нь нэгэн их хүчийг олж төвлөрдөг ажээ. Монголчууд тэр нэгэн цагт их хүчийг олж, тэнгис далайг ч төвөггүй гаталсаны “нууц томьёо” энэхүү “Аваргасын бүжиг” дотор ч байж мэднэ гэх бодол зурсхийнэ. Хөлгөөгийн ахалдаг UB drum цохивор хөгжмийн хамтлагийн галт бөмбөрийн доргион нүргээн хүмүүсийн сэтгэлийг улам асаан бадраажухай. “Сэтгэшгүй оддын чуулган” эвэнтийн бас нэг чухал үзүүлбэр нь “Нар угтах ёслол” ажээ. “Цагаан суварга-ын орой дээрээс нар мандахыг харах ер бусын сэрэл мэдрэмж өгөх юм. Нар ургахтай зэрэгцээд “Уяхан замбуутивийн наран” айзам уртын дууг нэрт уртын дуучид эгшиглүүлэн дуурьсгах нь нэн төгөлдөр. Мандан мандсаар байх нарны тэр л дуулал тэнгэрийн цээл рүү цойлон цойлсоор наранд хүрэх мэт. Тэндээсээ тэнгэрийн хаяа руу дуурьсан алсарч... Эргээд хүмүүний сэтгэлийн гүнд уусан шингэх мэт. Тэнгэр, газар, хүмүүн гурвын тэгш сайхан учрал тохиох “Тэмдэгт газар” энэ л Цагаан суварга... “Говь каравансарай” мөн ажээ. Энэ баазаас холгүйхэн Дэл уулын гайхамшигт хадан зургийн галерей бий. Дэлийн хад... Энэ хадан дээр дүүлж яваа аргал янгир, нум сумтай харваач... дуулж, бүжиглэж... Тэнгэр хангайдаа мөргөж залбирч байгаа хүмүүн... Олон олон зураг дүрс бий. Энэ бол гурван мянганы тэртээх хүмүүсийн туульс, чулуун судар юм. Тэднээс хамгийн алдартай нь “Гучин хоёр хүнт” хэмээх булш аж. Энэ булшны чулуун дээрх 32 хүний бүжиглэж буй дүрсээс сэдэвлэн “Хөмрөгөн гурвалжин” хэмээх модерн “бүжгэн жүжиг” хүртэл төрөн гарсныг хэн хэнгүй мэдэх байх. “Гучин хоёр хүнт” дээр ирцгээж, “Тэнгэрийн ятга”-ын шидэт аялгууг сонсгож, хүндэтгэл үзүүлдэг юм байна. Овоо тахиж, лам нар сан тавьж, ном уншдагтай агаар нэгэн, аялгуу эгшгээр өргөл тийнхүү өргөдөг нэгэн шинэ “зан үйл”-ийг эднийхэн хөгжим судлаач Д.Ганпүрэвийн хамт сэдэж санаачилсан ажээ. Энэ л Дэл хадан дээр “Алтай” хамтлаг ая эгшгээ өргөв. Хуурдав, цуурдав...хөөмийлөв. “Алтай” ятгаа Дэлийн хадны салхиар хөглөв. Үүнтэй зэрэгцээд байгаль дэлхий өөрөө хөгжив, хөгжимдөв. Хад бүхэн дагаж хуурдав. Хадан дээрх дүрс бүхэн дагаж биелэв. Он жилүүд нэгэн дор нэгдэн чуулж... орчлонгийн цаг хугацаа давхцаж нийлэв... Гантай зуны тэнгэр ивлэн саамшиж, хур зөөлхөн зүсэрлээ. Ган тайлагдав. Газрын ангаа, хүмүүний сэтгэлийн цангаа ч тайлагдав. Дуу хуурын, эгшиг аялгууны шид гэдгийг бүхий олноороо мэдрэв. Тэнгэр, газар, хүмүүний сэтгэл оюун ямархан нандин холбоотой байдгийг сая л ойлгож ухаарав. Энэ бол “Сэтгэшгүй-оддын чуулган”-ы бас нэгэн гайхамшиг байв. “Говь караван сарай” баазын эвэнт бүхэн байгалиа шүтсэн, дээдэлсэн, эх дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж буй нь нэн сайхан санагдлаа. Харз усан нүдтэй гэдгийг мэддэг, хад чулуу чихтэй гэдгийг хэлдэг нүүдэлчдийн язгуур өв соёлыг эднийхэн таниулж бас түгээн дэлгэрүүлж байна. Говь... Энэ бол чанад нууцын өлгий. Зөн совин, зөөлөн хатуу сүлэлдсэн хязгааргүй уудам энэ орон зайд гайхам сайхан ертөнц бий. Үүнийг “Говь караван сарай” таниулж мэдүүлж, тэнд очсон хүмүүсийг гайхашруулж, бишрүүлж, цэлмээн жаргааж байна. Монголын говь, нүүдэлчдийн өв соёл, дуу хуурын шид увдис, хүмүүний сэтгэлийн уянга, чанадын чанад нууцыг тэндхийн өвс ногоо, хад чулуу, халтар бут, салхи...сар нар, оддоор хэлүүлдэг нь энэ хамт олны бас нэгэн “үзэл баримтлал” бололтой. Говь, Говь караван сарай хүмүүн олныг соронздон татсаар байна.

"Сэтгэшгүй оддын чуулган"

"Сэтгэшгүй оддын чуулган"

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.