logo

ГЭР БҮЛИЙН ГУТЛЫН ҮЙЛДВЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОДОГ

ГЭР БҮЛИЙН ГУТЛЫН ҮЙЛДВЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОДОГ

Сэтгүүлч С.Пүрэвсүрэн    

Дундговь аймгийн төв-Мандалговийн зүүн хойт дүүргийг Арвижих баг гэнэ. Энэ багийн гэр хороолол дунд хэн хүнд анзаарагдамгүй ёотон цагаан байшинд Батчулууны Жамбал, Хүрлээгийн Бямбаа гэж залуухан хосын “Уран Угтаал” гутлын үйлдвэр байрладаг. Өрхийн гутлын үйлдвэр эрхлэгч хос ердөө 1990-ээд оны хүүхдүүд гэхээр гуч дөнгөж өнгийж яваа насныхан.

Гутлын үйлдвэр

Өрхийн тэргүүн Б.Жамбал Гурвансайхан сумынхаа дунд сургуулийг, Х.Бямбаа аймгийнхаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцан төгссөний дараа хориод насны хоёр залуу гэрлэхэд өөрийн гэсэн хөрөнгө болох хамаг хувцас нь үүргэвчиндээ багтаж байсан гэдэг...Тэгээд л амьдрал ахуйгаа дэгжээх арга зам нь үйлдвэрт ажиллаж мэргэжил эзэмших явдал гэж сонгосон нь буруудсангүй. Хориод насны хоёр хос Улаанбаатар хот орж гутлын хувийн үйлдвэрт ажилчнаар орж хамаг л хар бор ажлыг гурав дөрвөн жил хийх явцдаа ямар ч гутлыг хийчих чадварт суралцаж амжсан төдийгүй хилийн дээс алхан Хятадад гутлын жижиг үйлдвэрт ажиллах явцдаа суралцан мэргэжлийн гуталчин болоод эх орондоо эргэж ирсэн ч бие даан үйлдвэр ажиллуулчих хөрөнгө мөнгө ч юү билээ. Нэгэнт л гутлын үйлдвэрлэлээр өчнөөн жил дагнаад ажиллачихсан болохоор дахин өөр нэг хувийн үйлдвэрт ажиллаж нөхөр нь гутлын улалгаа, эхнэр нь эсгүүр, оёдлын дамжлага дээр ажиллаад хэдэн жил болоход цалингаа ч хөөрхөн хуримтлуулаад авсан гэнэ. Тэгээд нутаг орондоо очиж ажиллая, гутлын үйлдвэр ажиллуулъя гэсэн бодол хэрхэн төрж энэхүү үйлдвэрлэлээ эхэлсэн түүх сонирхолтой...

Б.Жамбал өгүүлэх нь:

          -Миний ажиллаж байсан үйлдвэрээс 100 мянгаар гарсан гутлыг манай нутгийн нэг ах дам хүнээс 200 мянгаар авсныг үзсэн. Бэлэн гутал авчихаад ямар ч хөдөлмөр шингээлгүй хоёр дахин өндөр үнээр дамласныг авсан нутгийн ах маань хохирсон байгаа биз дээ. Ер нь нутагтаа ирж бие даан гутлын үйлдвэр байгуулан нутаг усныхандаа буянтай үйл бүтээе гээд л бид хоёр нутгаа зорьсон. Сайн материалтай байж чанартай, эдэлгээ даах гоёмсог гутал гарна ш дээ. Тиймээс бид хар зах дээрээс хямд материал авдаггүй. Турк, италийн арьс чанартай, зөөлөн тул тэдгээрийг оруулж ирдэг газраас, голчлон Мишээл-экспо-гоос материалаа татан авч байна. Манай хийж байгаа гутлын төрөл гэвэл хром, бакиал, нохой гутал, ажлын гутал, цагаан улт, хүннү загварын гоёлын гутал...гээд одоогоор арав гаруй төрөлтэй. Говь-Угтаал сумын Засаг дарга асан Ө.Мөнх-Амгалангийн санаачилгаар морин аяллынханд зориулсан “Уран Угтаал” загварын гутал үйлдвэрлэсэн маань гүйлгээ сайн байгаа. Годон гутлын загвараар адууны арьсан гутлыг Италиас оруулж ирсэн адууны арьсаар хийж байгаа, Италийн арьс боловсруулалт сайтай үс нь зөөлөн, гоёмсог гутал болдог, захиалагчийн хүссэн өнгөөр хийх боломжтойгоороо онцлог.

Хүннү гутлын тухайд ээтэн хоншоортой, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гоёлд зориулан могойн арьсны дууриамал материалаар хийсэн нь хүмүүсийн сонирхол их татлаа.

Одоо хүүхдүүдэд зориулсан гутал үйлдвэрлэж байна. Манай хүүхдүүд пүүзнээс бусад өвөл, зуны гутлаа өөрийн үйлдвэрийнхийг л өмсдөг. Хөдөөгийн залуучуудаас гадна хотын залуус ч хромон гутлаар их гангардаг болсон тул орос бэлдэцээр хромон гутал үйлдвэрлэж байна.

Гутлын үйлдвэр

              Аймгийн Хот тохижилтын газрын ажилчдын ажлын гутлыг үйлдвэрлэсэн. Гутлын эдэлгээ өмссөн эзний арчлалтаас их шалтгаалах юм. Яг адил материалаар, ижил загвартай хийсэн гутлын ижил хугацааны эдэлгээг Хот тохижилтын газар дээр ажигласан л даа. Жолооч хүнд явган явах ажил бага атал нэг жолооч ах гутлаа нэлээн болиосон байхад, зам цэвэрлэдэг, ажлын явган явах нөхцөлтэй өөр нэг ах гутлаа хачин цэвэрхэн, элэгдэл багатай өмссөнийг анзаарсан л даа.

              Нутаг орондоо ирээд Үйлдвэрлэлээ санхүүгийн ямар эх үүсвэрээр эхэлсэн тухай тэд “Бид хэнээс ч, аав ээжээсээ ч юү ч гуйж яваагүй. Өөрсдийн цалингаа эх үүсвэр болгоод эхний хэдэн гутлаа үйлдвэрлэж эхэлсэн” гэж ярьж байна. Харин энэ жилээс аймгийн ЖДҮ-ийн зээлд хамрагдан 10 сая төгрөгөөр тоног төхөөрөмж нэлээдийг худалдаж авсан ч бас нэлээд машин хэрэгтэй байгааг ярьж байна. Б.Жамбал, Х.Бямба нарын гутлын үйлдвэр аймгийнхаа ЖДҮ сангаас авсан 10 сая төгрөгийн зээлээрээ 4 төрлийн машин төхөөрөмж авсан ч бас хэд хэдэн машин дутуу ч тэдгээрийг гараараа орлуулаад үйлдвэрлэлээ сааталгүй явуулдаг. Эднийх гутлын оёлгооны, арьс нимгэлдэг, өөллөгөө, үрэлгээний, хээ дардаг гэхчилэн машинтай болсноор өдөр 3-4 хос гутал гаргадаг байсан бол бүтээмж дээшлэн 5-6 хос гутал гаргаж байгаа. Тэр ч бүү хэл өмнөт хөршид түнштэй болж бүтээгдэхүүнээ  экспортлоод эхэлсэн нь бахархмаар…  Захиалга ихтэй үед  хэдэн сар дараалан 40-50 хосоор нь гадагш ачуулсан удаа ч бий гэнэ. Өвөр монголчууд эдний шинэ загварын гутлыг их сонирхдог юм байна.  Хилийн гарцгүй , хөдөөх буйдхан  аймгийн төвийн гэр хороолол дахь гэр бүлийн жижигхэн үйлдвэр гоёмсог загварын гуталнуудаа  дотооддоо төдийгүй хилийн чанад зах зээлд борлуулж байгаа гэхээр бахархал биз дээ. Төр засгаас энэ мэт жижиг үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээсэй билээ.

             Эднийх хөдөлмөрийн нарийн хуваарьтай. Эхнэр Бямба “Оёдлын ангид их л дургүй орсон ч энэ мэргэжлээрээ арав гаруй жил хэнээс ч дутахгүй амьдарч явна. Ер нь ирээдүйд олон ажилчинтай, мангар том үйлдвэр болтол өргөжүүлж “Adidas” ”Zara” гэдэг шиг өөрийн гэсэн брэндийн гутлыг олон мянган хосоор нь үйлдвэрлэж, хүн бүхэн өмсөөд явж байхыг харна л гэж мөрөөддөг ш дээ” гэж итгэл дүүрэн ярьж байна

Мөрөөдлөөр жигүүрлэн хийж бүтээж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн амьдрал ахуйгаа цэцэглүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж ирснийг залуу хосын ярианаас олж харлаа. Долоо, гуравдугаар ангид орж байгаа хоёр хүү нь аав ээжийнхээ ажилд туслан хөдөлмөрлөж түүндээ хөөрхөн урамшил хүртдэг, хөдөлмөрөөр хүмүүжиж байгааг ч харлаа. Одоо тэдний “Уран Угтаал” загварын гутал нь морин аялалд зориулагдсан төдийгүй адуучин залуусын эрж сурдаг бүтээгдэхүүн болжээ “Уран Угтаал” загвараа зохион бүтээх гэж хичнээн олон өрөөсөн гутал хийсэн гэнэ. Хийх тусам улам боловсронгуй болсоор шинэ загварынхаа дизайныг гаргажээ. “Үүнийгээ патентжуулаад авчихвал биднээс өөр газар хэн ч энэ загварыг хийх эрхгүй болчихно” гэж тэд ярьж байна. Бас могойн арьсны дууриамал арьсаар эмэгтэй хүний гутал, гар цүнхний хослол хийсэн нь наадмаар “Шажигнатал” борлогдож эрэл суралд дарагдсан л гэнэ.

   Хашаандаа үндэсний гэр хэлбэртэй  байшинг өөрсдийн хийсэн блокоор  барьчихаж. Түүнийгээ өөрсдийн сууц, үйлдвэрийн байрны хосолмол зориулалтаар ашиглаж байгаа. Бас хашаандаа шийгуа тариад туршчихаж. Энэ залуу хос юм юм сонирхдог үнэнхүү ажил хэрэгч хүмүүс юм. Харин ажилчин авна гэхээр ажил хийх хүн олдохгүй нь хамгийн том бэрхшээл гэнэ. Одооны хүмүүс зүгээр сууж байгаад юмуу амар хялбар аргаар их мөнгө олох сэтгэхүйтэй болчихсныг хараад тэвчдэггүй ийм ажилсаг залуус орон нутгаа хөгжүүлье, хийе бүтээе гэж сэтгэх юм даа.

Гутлын үйлдвэр

Жамбал хар багынхаа зүгээр суухыг тэвчдэггүй нэгэн болохоор юм юм руу орж чадлаа сорьдог. Байшин барилга ч барина, машин техник ч засна, будаг, замаскийг ч хийнэ. Дундговийнхаа нэрд гарч яваа дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандахын “Улаан Фэн” нь. Хотод үйлдвэрт ажилладаг байхдаа зав чөлөөгөөрөө таксинд явдаг байж. Нэг удаа гурав, дөрвөн эмэгтэй гар өргөн сууснаа машиных нь хүлээн авагчаар Төрмандахын дуу явахыг сонссон тэд хоорондоо “Дундговийн бахираа хар” энэ тэр гээд хөхрөлдөн фенийг нь муулахыг сонсоод км хэртэй яваад тэссэнгүй буулгачихсан гэнэ. Болсон явдлыг гэртээ ирээд ярьсныг хань нь цахим сүлжээнд тавьчихсныг дуучин үзээд чатаар холбогдоход нь “Би нутагтаа очиж гутлын үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнийхээ дээжийг танд бэлэглэнэ” гэж амлажээ. Дуучин Э.Төрмандахыг Дундговьд ирэхэд нь залуу хос шинэ гутал бэлэглэж, энэ азтай тохиолдлын гэрэл зургаар цомог нь баяжжээ.

Гэрийн эзэгтэй Х.Бямба “Бид 19, 20 настай айл болоод зай завгүй хөдөлмөрлөөд, амьдрал ахуйгаа дэгжээгээд өнөө хүрсэн. Залуучуудыг өөрсөд шигээ санаад ийм тийм юм хийгээтэх, тохирсон хөлс цалин өгнө гэхэд ажиллах хүн олддоггүй. Залуучууд хэтэрхий бэлэнчилдэг болжээ. Бид хоёр ингэж ажиллаад амьдралдаа сэтгэл хангалуун, гоё л байна гэж боддог. Цаашдаа ч ихийг хийж бүтээх хүсэл, эрмэлзэл бид хоёрт бий. Ямар сайн даа л олон ажилчинтай, мангар том үйлдвэртэй болж “Adidas” ”Zara” шиг өөрийн гэсэн брэндын гутлууд үйлдвэрлэн шуугиулахыг бодож байх вэ дээ” гэж ярилаа. Залуу хосд мөрөөдлөө биелүүлэх итгэл, ирээдүй бий.

Гутлын үйлдвэрГутлын үйлдвэрГутлын үйлдвэрГутлын үйлдвэр Гутлын үйлдвэр

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.