УИХ-ЫН ТАВАН ГИШҮҮН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нарантуяа-Нара нар Дундговь аймагт ажиллав. Тэд аймгийн Засаг даргын Тамгын газарт Төрийн албан хаагчидтай, Төв халхын дуулалт жүжгийн театрт иргэдтэй хийсэн уулзалт дээр Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг танилцуулан иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулахдаа 46 мянган хүн амтай, орон нутгийн хувьд улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа аливаа бодлого шийдвэр, хөгжлийн хөтөлбөрүүдэд 100 мянгаас дээш хүн амтай байх шалгуурыг хангадаггүйгээс болж хамрагдаж чаддаггүй, энэ талаар хууль эрх зүйн дорвитой шинэчлэл хийх шаардлагатайг дурдав. Мөн төрийн албан хаагчдын сул орон тоо олон, тэдгээрийг нөхөх хэрэгцээ, шаардлага их байдгийг танилцуулсан. Үүнд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шалгуурын босгыг давж чадахгүй, мэргэжлийн код таарахгүй зэрэг асуудлуудаас болж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх чиг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учир хүн ам цөөтэй орон нутгийн хувьд төрийн албан хаагчдыг шалгаруулж авах тогтолцоог уян хатан болгох талаар санал хэлсэн юм..
Уулзалтын үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төрийн алба хаагчдад хандан үг хэлэхдээ Дундговь аймаг бол дуу хуурт соёлын өв тээгч болсон ард түмэн, энэ нь түүх, соёлоо тээгээд явж байгаа нутгийн ард түмэнд талархаж явдаг талаар, мөн төрийн алба хаагчид аливаа бодлого шийдвэр гаргахдаа хүн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой талаар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төрийн албаны ёс зүйн талаар, иргэн төвтэй, хүнээ дээдэлсэн ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх асуудал нь төрийн албан хаагчдын үлгэр дууриаллаас эхтэй талаар,мөн Дундговь аймгийн ёс зүйн дэд хороог сургалт, арга зүйгээр хангаж, хамтран ажиллахад бэлэн талаар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Хүний эрхийн үндэсний Хоёрдугаар хөтөлбөрийн төслийг улс орон даяар танилцуулж, иргэд олон нийтийн санаа бодлыг сонсож, хэлэлцүүлэх ажил Дундговь аймгаас эхэлж байгааг цохон тэмдэглээд, хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны манлайллыг энэ аймгаас эхлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа онцоллоо. Мөн тус аймагт хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Дундговь аймаг дахь төлөөлөгч Т.Баярцэцэг мэдээлэл хийсэн юм.
Сонирхуулахад Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар “Бид хоёрын ээж Дундговь аймгийнх, тодруулвал Д.Цогтбаатарын ээж Сайхан-Овоо сумын С.Эрдэнэболдын ээж Дэлгэрхангай сумын уугуул” гэдгээ тэд хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтай танилцан аймгийн Шүүх, Прокурорын газарт очиж байгууллагын үйл ажиллагаа, хүний эрхийн төлөв байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцов. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний хувьд тэдний эрх ашгийн төлөө хэний ч санал хүсэлтийг хүлээж авсан заавал хариу өгч байгаа гэдгээ онцлоод танай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв харицангуй мэргэжлийн хүний нөөцтэй байгааг сайшаав.
Иргэдтэй хийсэн уулзалт дээр Иргэн С.Үржин Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын орон нутаг дахь үүрэг, нөлөөг хуулиар хумиж тус байгууллагын эрхэлж байсан олон асуудлыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлснийг шүүмжилж энэ нь иргэдийн байгууллагыг иргэдээс нь улам бүр холдуулж байгаа, тэрчилэн Төр, Засаг хяналтын байгууллагад дургүй, ямар нэг шалтгаан олоод л татан буулгасаар ирсний хамгийн сүүлийн жишээ нь Мэргэжлийн хяналтыг татан уулгасанаар хүний эрх алхам тутам зөрчигдөж байгааг нэн даруй засах талаар УИХ анхаарах хэрэгтэйг онцолсон бол Баянжаргалан сумын Засаг дарга О.Ууганбаатар жонш олборлолт байгаль орчныг суйтгэхийн зэрэгцээ тээвэрлэлт замбараагүйгээс орон нутагт иргэд, малчдын аюулгүй, эрүүл орчинд аж төрөх эрх зөрчигдөж байгааг зориуд дуулгахаар 130 гаруй км-ээс хүрч ирснээ хэллээ. Тэрчилэн хорих байгууллагад ял эдэлж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаад анхаарал хандуулах талаар иргэн н.Нэмэхбаяр, эм, эмийн бодис, хүнсний зүйл улсын хилээр хяналтгүй шахам орж ирдэг, тэдгээрийг шинжлэх шаардлага хангасан, орчин үеийн өндөр хүчин чадалтай лаборатори байхгүй нь хүний амьд явах эрхийг улам бүр баталгаагүй болгож байгаа, мөн засаглал улс төрийн нэг хүчнээс нөгөөд шилжихэд намын үзэл бодлоор хардаж сэрдэх, элдвээр дарамтлах, олон нийтийн сүлжээгээр гүтгэлэг зохион цацах зэргээр Төрийн албан хаагчдын эрх зөрчих явдал гардаг, гарсаар байгааг УИХ-ын түвшинд анхааралдаа авахыг иргэн Ж.Мөнхтөр УИХ-ын гишүүдэд санууллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.