logo

АДУУЧИН ЗАЛУУС АДУУН СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧИД БОЛОХОО ХАРУУЛЛАА

АДУУЧИН ЗАЛУУС АДУУН СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧИД БОЛОХОО ХАРУУЛЛАА

Сэтгүүлч С.Пүрэвсүрэн /Дэлгэрцогт сумын ЗДТГ-ын гэрэл зургуудыг ашиглав/

 “Цахир, Баян, Бараат

Чандмалсан гурван уул

Цал буурал түүхийн

Чанга баринтагласан судар минь”  гэж  яг энэ нутгийн унаган хүү, төр, олон нийтийн байгууллагын ахмад зүтгэлтэн Ичинхорлоогийн Дагвадоржийн шүлэглэсэн  Цахирын уулын баруун урд энгэр Хөх худагийн талд ачигдөр адуучин залуус авхаалж самбаа, эр зоригоороо өрсөлдөж адуучин залуусын цог золбоог хол, ойрын зочдод гайхуулж өнжлөө.  Идэр есийн хүйтэн тачигнасан энэ өдөр адуучин залуус төлийгүй  малчин охид хүүхнүүд ч ирчихсэн   адуучдын ур чадвар, цог золбоог шимтэн сонирхож байна. Энэ бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сум  адуун соёлын өв уламжлалыг  залуу үедээ өвлүүлэх, морь уургалах, ээмнэг хангал сургах хөдөлгөөнийг сум даяараа өрнүүлэх зорилготой 2025 оны аварга  адуучнаа шалгаруулах “Адуучин” тэмцээн аж. Адуучин залуусын цог золбоо,   баяр цэнгэл, инээд хөгжөөн дүүрэн эл тэмцээнийг сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Мөнхсаруулын Баярсүх нээж сум орныхоо адуучид, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. "Малчид дуулж байна" теле шоуны тэргүүн  байрын ялагч Л.Баасан,  мөн шоуны шагналт,  Л.Маадорж нар  тэмцээний нээлт дээр ая дуугаа өргөсөн юм. АдуучинЭнэ өдөр Өмнөговьчууд “Түмэн тэмээний баяр-2025”-аа хийж Говь Гурвансайхан уулынхаа ард өргөн дэлгэр  наадаж байгаа бол Дундговийн Дэлгэрцогт, Адаацаг, Сайнцагаан сумын Далай баг, ... зэрэг хэд хэдэн суманд энэ амралтын өдрүүдэд “Адуучин” тэмцээнээ зохион байгуулж сумынхаа аварга эмнэг хангал булгиулагч, аварга уургач, явган уургалагч... зэрэг олон номинацийн тэргүүнийг шалгаруулсан байна.  Сумнаас шалгарсан аварга адуучид аймгийн аварга адуучин шалгаруулах тэмцээнд оролцох мандатаа авч байгаа аж.

Дэлгэрцогт сумын  адуучдын  энэхүү  тэмцээнд УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ренчинбямбын  Сэддорж нар хүрэлцэн ирж оролцож адуучин залуусын ур чадвар, авхаалж самбаа сайн байгааг сайшааж адуучин залууст баяр хүргэлээ.

 Монголчууд мориноосоо бууж  адуу малаасаа улам бүр холдсон тухай дэл сул яриа үндэслэлгүй, харин ч улс орны хөгжил, ард түмний амьдралын түвшинтэй холбоотойгоор  машин тэрэг хөлөглөх болсон ч адуун соёлоосоо огтхон ч холдоогүйг энэ тэмцээн харууллаа.АдуучинАдуучинАдуучинАдуучинАдуучинАдуучинАдуучинАдуучин

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.