
Б.БАТ-ЭРДЭНИЙН НУТАГШУУЛСАН “СҮРЭГ” ИЧЭЭНЭЭС ГАРАХ ОЙРТЛОО

Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
Баатарын Бат-Эрдэнэ жирийн жолооч хүн. Эрхэлдэг ажил гэвэл Дундговь аймгийн Цахилгаан дамжуулах сүлжээ компаний жолооч.. Жилээс жилд нүдэн дээр цөөрсөөр байгаа нутгийн тарваганы хувь заяа Бат-Эрдэнийн сэтгэлийг олон жил эмзэглүүлсэн. Дундговийн хээр талын сумдын нутгаар тарвага олонтой, хуучин тогтолцооны үед тарвага агнах шахуу төлөвлөгөөтэй, намрын намарт тарваганы анд гардаг, Улсын сайн анчин, Улсын тэргүүний анчин гэсэн цол хэргэмтэй хүн ч цөөнгүй байв. Гэтэл аймгийн нутаг дэвсгэрт тарвага гэдэг амьтан “нүдний гэм” болсон. “Тарвага яагаад цөөрөв” гэж өөр хоорондоо ярилцдаг ч учир шалтгааныг нь судалсан, тогтоосон байгууллага тэр бүр дуулддаггүй.
2010 оны үе гэхэд Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутгийн нэгхэн хэсэгт цөөн тооны тарвага үлдсэнийг эс тооцвол тарвага олж харна гэдэг эрт цагийн дурсамж төдий болсон. Яг энэ үед л Бат-Эрдэнэ тарвага хамгаалъя, хараа хяналттай газарт ганц бүлийг ч гэсэн зөөж нутагшуулан үржүүлэх гээд үзье гэж зориг шулуудсан байна. Тэгээд найз нөхдийн хамтаар Баянжаргалан сумын нутгаас цөөн тарвага барьж Сайнцагаан сумын Далай багийн нутаг Хаалгын хадны орчимд нутагшуулсан нь одоо арав гаруй жилийн дараа өсч үржин олон арван бүл, зуугаар тоологдох тарвага нутагшжээ. Урьд өмнө нь мэргэжлийн байгууллагууд Хустайн нуруунаас тарвага авчирч нутагшуулах оролдлого хийсэн ч хараа хамгаалалт сулаас ч юмуу бүтэлтэй болоогүй юм билээ.
Монголчууд тарвагыг “Газрын шар тос” хэмээн нэрлэдэг. Тарвага бол гайхамшигтай амьтан. Арьс нь үнэтэй, мах нь гайхамшигтай сайхан амттай. Богд хааны үед 1910 онд Монгол Улсын экспортолж байсан тарваганы арьсны тоо 3,2 сая байсан гэдэг түүхэн баримт байдаг. Мэдээж одоо тийм тооны тарвага Монгол оронд байхгүй.
Хуучин тогтолцооны үед тарвага агнах хатуу хугацаатай, “Тарвага агнах хориотой үе” “Хорио тавигдах үе” маш нарийн байлаа. Тэр хуулийн хугацаанд олон мянган тарвага агнах төлөвлөгөөг аймаг, суманд өгч тарваганы арьс олон мянгаар нь бэлтгэн экспортод гаргадаг байлаа. Тэглээ гээд тарвага цөөрч байсангүй, харин ч тарвага сайн агнасан иргэнд “Улсын сайн анчин” гэсэн цол өгч байсан үе олон арван жил үргэлжилсэн. Харин 1990-ээд оноос хойш хулгайн ан гаарч, тарвага агнах хуулийн хугацааг зөрчиж, уламжлалт биш аргаар олноор нь бүр бүлээр нь агнах, ичээ нүхийг хүчирхэг техник ашиглан ухах зэрэг хууль бус үйлдэл хавтгайрч ашиг орлого олох хэрэгсэл болсон нь тал хээрийн тарвага цөөрөх, зарим бүс нутагт устах аюулд хүргэсэн юм. Энэ байдалд төр Засаг дүгнэлт хийгээд тарвага агналтыг бүр мөсөн хориглосон ч хулгайн агналт тоо толгой цөөрөхөд нөлөөлсөн нь мэдээж. Дээр дурьдсан хүний буруутай хүчин зүйлээс гадна 2000-2002, 2009-2010 оны ган,зуд буюу байгалийн хүчин зүйл нөлөөснийг судлаачид тогтоосон байдаг. Тарвага бол ичдэг амьтан. Аравдугаар сарын сүүлчээр ичиж гуравдугаар сарын дундуур ичээнээсээ гарч ирдэг. Зун намар хуримтлуулсан өөхнийхөө илчийг өвлийн турш зарцуулдаг. Гэтэл ургамал дахь чийгийн хэмжээ зохистой хэмжээнээс буурвал бол өөх хуримтлуулж чадахгүй. Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхэх байгалийн зүй тогтолтой. Тарвагыг хамгаалахын тулд агнуурыг нь хориглоод өнгөрөх нь хангалттай биш бөгөөд тарвагатай газруудыг орон нутгийн иргэд болон тодорхой байгууллагад хариуцуулан хамгаалах нь зайлшгүй чухал юм байна гэдгийг тогтоолоо. Эрдэмтэдийн энэ сануулгын дагуу ажиллаж нутаг орноо дахин тарвагатай болгоход оюун санаа, хичээл зүтгэл, чөлөө зав, хөрөнгө мөнгөө зориулж яваа хүн бол энэхүү Баатарын Бат-Эрдэнэ мөнөөс мөн.
Тарвага зөөвөрлөх зориулалтын хайрцгийг Бат-Эрдэнийн аав С.Баатар урлан хүүдээ туслажээ.
Бат-Эрдэнийн энэ зүтгэл, эко үйл ажиллагааг аймгийн өмнөх удирдлага, Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат/Одоогийн УИХ-ын гишүүн/ дэмжин тарвага нутагшуулсан нутагт нь гүний худаг гаргуулж өгсөн юм. Тарвагыг “Хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй шөнө гарахгүй” гэсэн гурван тангарагтай амьтан гэж ярьдаг ч тарваганы нутагт ус хэрэгтэй. Гантай үед орчныг услахаар ногоо сайхан ургадаг. Бүр худаг гаргахаас өмнө зөөврийн усаар орчныг нь усалж ургацыг сайжруулж байсан гэнэ. Харин анх хэдхэн хулширч эзгүйрсэн дош бараадуулан тавьсан тарвага жил ирэх тусам өсч үржсээр одоо арваад километрийн радиуст тархан хамгаалж арчлахад улам л их ажил шаардах болжээ. Нэг дошны нэг жилийн төл өсч томроод нас биед хүрэнгүүт өөр нүх дош гаргаад бие даах зэргээр тархдаг зүй тогтолтой нь айлын хүүхдүүд нас биед хүрээд айл гэр болон өрх тусгаарладагтай төстэй аж. Өвөл ичингүүт нь нүхийг том чулуугаар бөглөж өмхий хүрэн зэрэг махчин амьтад ичээ нүхийг ухахаас сэргийлэх, ичнээс гарах үед бөглөөсийг авах гээд ажил мунддаггүй юм байна.
Байгаль хамгаалах тухай хуульд 2005 онд оруулсан өөрчлөлтөөр “Иргэд аж ахуйн нэгж байгууллага гэрээний үндсэн дээр байгалийн тодорхой нөөц баялгийг хариуцан хамгаалж арчилж ашиглаж болно” гэсэн заалт ороод 18 жил болж байна. Байгалийн чухал нөөц-тарвагыг хариуцан хамгаалж, өсгөн үржүүлж байгаа Баатарын Бат-Эрдэнэтэй хуулийн энэ заалтын дагуу байнгын гэрээ байгуулж хөрөнгө мөнгө, зориулалтын техник хэрэгслээр хангаж ажиллах талаар Байгаль орчны асуудал хариуцсан төрийн төв, орон нутгийн байгууллага санал, санаачилга өнөө хүртэл гаргаагүй байгааг энд дурьдъя. Эко санаа бодолтой, эко үйл ажиллагаатай, байгаль орчиндоо ээлтэй энэ жолооч зун амралтаа авахаар тарваганыхаа нутгийг гэр бүлээрээ зорьж байран суурин аж төрж тарваганы нутгаа усалж үржиж өссөн тарвагаа хулгайн анчдаас хамгаалж сайхан амардаг. Гүний худгийн орчноо хашаалж тэндээ зөөврийн сууц байрлуулчихсан, ногоо цагаа тарьж, нутагшсан тарвагануудаа харж хандан зуныг сайхан өнгөрүүлдэг юм билээ. Бат-Эрдэний эхнэр Чогдонгийн Гантуул төсвийн байгууллагад тогоочоор ажилладаг ч амралтаа аваад л нөхрийнхөө ажилд туслалцдаг. Харин Бат-Эрдэнэ жолооч тэтгэвэртээ гарахаар эндээ сууц барьж тарвага үржүүлэх ажлаа дагнах хүсэл мөрөөдөлтэй юм.
Намар тарвага ичих үеэр ичээ нүхийг бөглөж махчин амьтад ухахаас сэргийлнэ, хавар ичээнээс гарахаас урьтаж дош болгоны бөглөөг авах гээд Бат-Эрднийн их ажлын үе эхэлж байна даа. Баатарын Бат-Эрдэнэ зөөвөрлөж нутагшуулсан тарвага нь одоо олон арван бүл болчихсон ганцхан сар хүрэхгүйн дараа ээлжит ичээнээсээ гарч дошин дээрээ тав арваараа хошгоролдож эхэлнэ гэхээс сэтгэл догдолж сууна. Хүн хөдөлмөрийнхөө үр дүнгээр бахархана гэж энэ дээ.
/Энд тарвага нутагшуулах үеийн гэрэл зургуудыг нийтлэв/
Сурвалжлагч С.ПҮРЭВСҮРЭН


ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

КЕ ЮУШЕН: "-ГААЛИЙН ТАТВАРЫН ДАЙН ДЭЛХИЙГ ҮЙМЭЭН САМУУН РУУ ТҮЛХЭЖ БАЙНА"

ДУНДГОВИЙН УУГУУЛ ЭРДЭМТЭД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.