
Г.ЭНХЖАРГАЛ: “-НУТГИЙНХАА АЛТАН ТАЙЗАН ДЭЭР ГАВЬЯАТЫН ЦОЛ ГАРДСАНААРАА БАХАРХДАГ”

Ярилцсан Базарзагдын Алимаа
Дундговь аймаг 2022 онд 80 жилийнхээ ойг хол, ойрд дуулиантай өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ баяр наадмыг чимэглэсэн гурван “Гавьяат” цолтон ихэрлэн төрсний нэг нь Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин Готовын Энхжаргал. Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Энхжаргалтай хийсэн ярилцлагыг нийтэллээ.
-Хүн хүний авьяас билэг тодорсон, ажил мэргэжлээ сонгосон замнал өөр өөр байдаг. Өөрийн чинь тухайд...?
-Би 1969 онд Эрдэнэдалай суманд төрсөн. Аав маань тэнд кино механикчаар ажиллаж байсан юм билээ. Намайг нэг настайд манайх гэр бүлээрээ Дэлгэрцогт сумруу нүүн суурьшсан гэдэг. Миний аав Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллангаа урлаг уран сайханы ажилд идэвхитэй оролцдог, концертонд дуулдаг байсан нь намайг урлагийн хүн болоход хар багаас минь нөлөөлсөн хэрэг. Аав минь сайхан дуулдагаараа хол, ойрд магтагдсан, Соёлын тэргүүний ажилтан цолтой ардын авьяастан хүн л дээ.
Би чинь айлын бага охин, Аавыгаа хаана л дуулж хуурдаж явна тэр болгонд аавтайгаа хамт “Энгэрийн зүүлт шиг” хамт явдаг байж дээ. Цэцэрлэг, сургуульд байхын л дуулах дуртай, гэртээ ирээд л хөшиг татан концерт тоглож гэр бүлийнхнээ хөгжөөдөг, айл хөрш хүмүүсийн өхөөрдөл, магтаал дунд өссөн. “Энэ хүүхэд яалтгүй тайзны хүн болох нь” “Дуучин Готовын охин эцгээ дууриасан дуучин болох нь” гэсэн нутгийнхны яриа хөөрөө багаас минь урам хайрлан дуулах хүслийг оргилуулсан байж таарна.
-Танд аавын чинь сайхан авьяас өвлөгдсөн ч тэр авьяасыг системтэй сургалт, хөдөлмөрөөр тордож энэ өндөрлөгт хүрсэн байж таарна. Энэ тухайд?
-Аав минь охинынхоо урлагт дуртай, авьяастайг анзааран урлагийн сургуульд багаас нь оруулахыг боддог байсан юм билээ. Тэгээд намайг 5 дугаар ангид байхад аймагт Улаанбаатар хотоос Хөгжим бүжгийн дунд сургуулиас /одоогийн Монгол Улсын Консерватур/-аас багш нар ирж хүүхдүүдээс шалгалт авч, шинэ элсэлт хийх гэж байгааг сонсоод намайг шалгаруулалтад оруулсан л даа. Дуу, хөгжим, бүжиг... гээд бүх л төрлөөр шалгасан ч намайг бүжгийн ангид тэнцүүлсэн. Аав намайг хөгжимчин болгох хүсэлтэй байсан болохоор хотод очоод ангийг нь солиулан ардын хөгжмийн ангид оруулсан. Ингэж 1981-1987 онд Улаанбаатар хотод ХБДС-ийн ардын хөгжмийн ангид суралцаж байхдаа “Дуучин төрүүлдэг багш” гэгддэг Дашдаваагийн/ёочингийн багш/ шавь болох нь тэр. Багш маань ятга, шанз хөгжимд суралцуулангаа дуулуулж, дуулах авьяасыг маань улам хөгжүүлж дуулаачийн мэргэжил рүү улам бүр хөтөлж байлаа. Суралцах хугацаанд багш “Чи сайхан дуулж байна” “Дуугаараа явбал чамд сайхан таарна” гэж урам хайрласаар байсан, би ч сургуулиа төгссөн
-Тэгээд л хөгжимчин, дуучин гэсэн хос мэргэжилтэй, урлагийн хүн болоод явчихсан уу?.
-Сургууль төгсөөд аймагтаа ирж Хүүхэд залуучуудын театрт хөгжмийн багшаар хуваарилагдан ажилласан. Ажиллаж байх хугацаандаа дуулж, уралдаан тэмцээнд орон дуулах авьяасаа олондоо таниулжээ.
Тухайн үед Хөгжимт драмын театр анхлан байгуулагдаж /одоогийн ТХДЖТ/ энэ байраа засан...сууриа төвхнүүлэх үед шинэ залуу уран бүтээлчдийг татан авсны дотор би орсон. Хөгжимт Драмын театраа шинээр төвхнөхөд гар бие оролцон, залуу уран бүтээлчид хуучин шалыг хуулан, шинэ шал ,шинэ хөшиг оёх хадах ажил гээд бүгд гар бие оролцон одоогийн Төв халхын дуулалт театрынхаа барилгын дотор тохижилтыг хийн урлагийн ажилдаа ханцуй шамлан орцгоосон юм. Дөнгөж сургууль төгсөж ирсэн шинэ залуу хөгжимчин байсан ч тухай үеийн удирдлага, театрын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг шууд хүлээн авч гүйцэтгэдэг байлаа. Тухайлбал хөтөлбөр гарган, оройн тоглолт хөтлөх/зарлах, дуулах/ энэ хэдэн дууг сурч дуулна, хөгжимтэй нийлээрэй гэж үүрэг өгөхөд мэдэхгүй, чадахгүй гэж найруулагч/уран сайханы удирдаач/-ийн өмнөөс хэлж зүрхэлдэггүй, тухай үеийн уран бүтээлчдийн ажилдаа хандах хандлага, мэргэжлийн ур чадвар гайхалтай байжээ. Тухайн үед төвийн тайзны тоглолтоос гадна аймгийнхаа бүхий л баг сум, суурин бүгдэд хүрч /хээрийн бригадаар 45-60 хоног/ явж ард түмэнд дуу хуураар үйлчлэхдээ нэг сууринд таван хүн байсан ч гололгүй бүхий л хөтөлбөрийн дагуу бүтэн тоглолтоо тоглодогсон. Бүхий л тоглолтоо амьд хөгжимтэй өөрийн хоолойгоор /ам барих гэдэг зүйл байгаагүй/ дуулдаг байсан нь тухайн уран бүтээлчдээс ямар их хөдөлмөр зүтгэл, сэтгэл гардгийн илэрхий. Урлагийн бригадын тоглолт тухайн үеийн хөдөөгийн ард түмний хүсэн хүлээдэг, гоё дээл хувцасаа өмсөн ирж баяр хөөр болдог нэгэн сайхан соёл байжээ. Уран бүтээлчид үзэгч олноо хүндэлсэн, үзэгч ард иргэд нь уран бүтээлчдээ хайрласан их нандин харилцаа байсан юм шүү.
Одооны залуус “Хуучны юм ул болсон” гэх ярилцах сонсогддог. Ийм яриатай би санал нийлдэггүй.
,..Алтан үеийн уран бүтээлчид...хөдөөгийн Соёлын ордон, Аймгийн Хөгжимт драмын театрт халуун дулаан уур амьсгалтай үзэгчдийнхээ халуун алга ташилтын дор тайзнаа гарсан уран бүтээлч хүн чин сэтгэлээсээ дуулж дуучин ч өөрөө тайтгарал авч, сонсож үзэж байгаа ардын сэтгэл баяраар бялхдаг байсаан. Цаг үе өөрчлөгдөж юм хөгжиж техник аппаратур зүйрлэшгүй сайжирсан ч тэр үеийн сайхан мэдрэмж, халуун дулаан уур амьсгалыг үгүйлэх үе ч байх шиг...
-Та бол хар багаасаа л урлагийн сургуулиар дамжин мэргэжил эзэмшин харицангуй олон жил урлагийн замнал туулжээ. Баяр бахдалтай бас бэрхшээл хүндрэлтэй үе ч таарсан биз?
-Хөгжимт Драмын Театрынхаа бүхий л уран бүтээлийн ажилд оролцон явахдаа амьд хөгжмийн “Чандмань эрдэнэ” хамтлагийг байгуулалцан тус хамтлагтайгаа мөн л олон олон уралдаан тэмцээнд оролцон хээрийн бригадаар аймгийнхаа сум баг, улсынхаа 21 аймгийг тойрон тоглолт хийн явсан. Анх байгуулагдахад тулгыг нь тулж, галыг бадраасан энэ хөгжмийн хамтлагтайгаа “Улсын уралдаанд” амжилттай оролцон түрүүлж БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо зохион байгуулагдах “Дэлхийн залуучуудын наадам”-д оролцох эрхээр шагнуулж байлаа. Тэгээд Улаанбаатар хотод бэлтгэл сургуулилт хийн Ардчилсан Солонгос улсын нийслэлд Монгол Улсын Ардын хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн уг наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Залуу хүн хол газар явж, урлагийн сайханыг улам бүр мэдрэн, олон орны авьяастан залуучуудтай мөр зэрэгцэн олон улсын их наадамд оролцоно гэдэг хэн хүнд оногдох завшаан биш ээ. Тиймээс ч тэндээс өөрийгөө улам дайчлан ажиллах, өмнөө шахуу зорилго тавин түүндээ хүрэх урам зоригийг авсан л даа.
Залуус уран бүтээлчид ажилаа хийн...амь амьдралаа урлагаар залгуулдаг байх үед манай улсад эдийн засгийн /зах зээлийн/ нөхцөл байдал өөрчлөгдөж, уран бүтээлчдийн ажиллах нөхцөл байдал хумигдсан цаг үед олон уран бүтээлчид Хөгжимт Драмын театраа орхин амьдралын мөр хөөсөн 1990-ээд оны эхний нийгмийн шилжилтийн хүнд үед театраасаа 1994 онд гарч Улаанбаатар хотыг зорьсон. Сургууль төгсөөд л ажил, амьдралын гараагаа эхэлсэн театраасаа явах хүнд байсан ч эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байсаан.
-Өөрийн чинь дууны клип Youtube.com дээр олныг харж болох юм билээ. Тэнд цагдаагийн дүрэмт хувцастай дуулж байхыг харсан. Цагдаад ажиллаж байсан уу?
-“Чандмань эрдэнэ” хамтлагийн нөхдийн хамт Цагдаагийн “Сүлд” чуулгад орон ажиллаж цагдаа форм өмсөн, өглөө жагсаалд хөл тавин, хүчний байгууллагын дэг дэглэм, Үлээвэр найрал хөгжимтэй дуулж...өөрийгөө өөр талаас нь сорьж арав гаран жилээ цагдаагийн “Сүлд” чуулгатай өнгөрөөсөн. Арав гаран жилийн хугацаанд өдөр бүр дуулах уран сайхны ажлаа хийсэнгүй...цаг төр солигдох шинэ дарга солигдоход заримдаа жижүүрийн цагдаа ч болж...ахин нэг дарга солигдох үед үндсэн дуулах ажилаа хийх... гэхчилэн явсаар Улаанбаатар хотод амьдралынхаа 10 гаран жилийг өнгөрөөсөн ш дээ.
-Өө, нээрэн дан урлагийн амьдрал ярилцлаа, хувийн амьдралаас уншигчдад сонирхуулвал?
-Нөхөр маань цагдаагийн хүн тул хамтдаа хүчний байгууллагад мөр зэрэгцэн зүтгэж, ажил амьдралаа хотод төвхнүүлж, дөрвөн хүүхдээ ч дэг дэглэмтэй өсгөсөн. Гурван хүү, нэг охин бүгд хүчний байгууллагад ажиллаж байна. “Сүлд” чуулгад байсан үе бас л сонирхолтой үе. Хүн ер нь орчноо нэг солих, ажлаа, өөрийгөө сорих хүнд бас нэг байвал зүгээр санагдсан...Хэрвээ би тухайн үед эндээ үлдээд ганцхан ардын хөгжимтэй л дуулдаг, ганц тайзан дээрээ өөрийгөө уячихсан бол хувь хүний хувьд хөгжихгүй жаахан дутмагхан байсан байх...харин тэр үед “Сүлд” чуулгад орж ажилласан маань хувь заяаны бас л нэгэн хишиг байсан юм.
Тэндээ ажиллаж байхад нэг өвөл “Аймагт л ирж тоглолтод орооч” гэхлээр ирж Театрынхаа тайзан дээр арваад жилийн дараа гарлаа. Гэтэл манай үзэгчид/ аймгийнхан/ маань намайг хараад баярлаад “Энхээ ирчихсэн байна” “Хүүеэ, Энхжаргал дуулах нь” гээд их сайхан хүлээж аваад, хараа харц нь намайг хайрлаж байгаа нь шууд мэдрэгдсэн. Олон жилийн дараа ирэхэд намайг ингэж халуун дотно хүлээж авна гэж бодоогүй байлаа. Тухайн үед залуу ч байж/инээв/, нутгийнхнаа хараад би ч баярлаад...уяраад... тэгээд л шууд би аймагт үлдчихсэн. Араас нөхөр, хүүхдүүд минь нүүж ирсэн дээ...
Хүн нутаг усаа ямар их санаснаа эргэж нэг ирж байж мэдэрдэг, хол байхдаа ижий аав минь танагтай байсан болохоор нэг их санаашраад нутаг буцъя гэж боддоггүй байж байгаад, тэр нэгэн тоглолтын уур амьсгал нутгийн олны хайрласан харц, халуун уур амьсгал намайг шууд нутагт минь буцаан авчирсан.
...Хүний амьдрал, хувь тавилан гэж цаанаасаа зурагдсан байдаг юм байна. Би нутагтаа ирж ажиллаад удаагүй ч урлагт зүтгэсэн он жилүүд, авьяас чадварыг минь аймаг орон, хамт олон үнэлээд “Монгол улсын Гавьяат жүжигчин” цолонд тодорхойлсон юм билээ. Нутагтаа буцаж ирээд арваад жил боллоо...ажлаа хийлээ...сайхан хамт олонтойгоо олон сайхан тоглолтын ард гарлаа...Аймаг байгуулагдсаны Түүхт 80 жилийн ойгоор гэнэт л танийг “Монгол улсын Гавьяат жүжигчин” цолоор шагнах боллоо гээд...шуугиад явчихсан. Би эхлээд өөртөө итгээгүй. Гайхах баярлах зэрэгцээд...Тэгээд л алтан нутгийнхаа алтан тайзан дээрээс “Монгол улсын Гавьяат жүжигчин” цолыг авсандаа. Их сайхан байсан. Хамт олондоо их баярлаж байна, Нутгийнхаа ард түмэнд их талархаж явна даа.
-Маш сайхан ярилцсан Энхжаргал эгчдээ баярлалаа. Эмэгтэй хүний намба донж, урлагийн хүний нүүрний гялбаа, алхаж яваа нь цэх сайхан харагдаж Таниараа өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг. Харин энэ удаа нүүр тулж чин сэтгэлийн яриаг сонсох сайхан байлаа. Танд уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Базарзагдын АЛИМАА


ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи

КЕ ЮУШЕН: "-ГААЛИЙН ТАТВАРЫН ДАЙН ДЭЛХИЙГ ҮЙМЭЭН САМУУН РУУ ТҮЛХЭЖ БАЙНА"

ДУНДГОВИЙН УУГУУЛ ЭРДЭМТЭД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.