“РОК МАЛЧИН”-БАЯКА
Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
Говийн сайхан хангай Бага газрын чулуу гэж байгалийн үзэсгэлэн төгөлдөр, өвөрмөц тогтоц бүхий боржин чулуун уул барааны газраас сүндэрлэн харагдана. Энэ сайхан уулын баруун урд энгэр бэлд “Рок малчин” Баякагийнх нутагладаг. “ Баяка” гэж ээж аавынх нь багад нь өхөөрдсөн нэр яваандаа найз нөхдийнх нь хүндэтгэлийн нэр болсон ч жинхэнэ нэр нь Мижиддоржийн Баярцогт. Баярцогтын аав Мижиддорж агсан төрийн албанд гавьяаны амралтад гартлаа хүчин зүтгэсэн тулхтай албан хаагч байсан бол ээж Бужгаа гуай нь Мандалговь хотын Худалдаа, нийтийн хоолны трестэд мөн л насаараа ажилласан нэр хүндтэй нэгэн. Нэг үгээр Баяка бол аймгийн төвийн унаган хүүхэд.
Наяад оноос үе тэнгийнхнийхээ хамт тухайн үед “Моод” болсон цахилгаан хөгжмийн “Мөнгөн утас” хамтлагийг байгуулан залуучуудыг байлдан дагуулж эхэлсэн аж. Баяка хамтлагийнхаа бөмбөрчин. Тухайн үед аль нэг клубт “Мөнгөн утас”-ын цахилгаан хөгжимтэй бүжиг зарлагдахад залуучууд хөл гишгих зайгүй цугладаг байж. Баяка хар багаасаа эстрад дуу, хөгжим сонирхож холбогдолтой зураг хөрөг, пянз, хувцас хунар ... юү л байна цуглуулдаг, энд тэндээ янз бүрийн металь гинж, цагираг бүхий гутал, хувцсаар гангардаг, тэр л имежээ хэзээ ч, өөрчилдөггүй өвөрмөц хүн л дээ. Харин ээжийгээ тэтгэвэрт гарснаас хойш аминыхаа хэдэн малыг өсгөж үржүүлэхээр хөдөөг зорьсноор өвөрмөц сонин хувцасладаг, гэр орондоо бөмбөр нүдэж, өсгөгчөөр гадаад дууны хөгжим хангинуулсан нэгэн шинэ өрх нэмэгдсэн хэрэг. Бага газрын чулууны хавийхан төдхөн л түүнд “Рок малчин” нэрийг хайрлачхаж. Энэ нэр төрөлх нэр шиг нь яригдаж аав ээжийн өгсөн нэрийг мэдэх хүн ч цөөрсөн аж.
Хааяа ”Мөнгөн утас” хамтлагийн тоглолт болоход уригдаж ирж тоглоно, Бусад үед Бага газрын чулуундаа л амины хэдэн бог малаа адгуулж хариулсаар аж төрнө. Ууланд хэд хэдэн жуулчны баазтай болохоор жуулчид тэднийхээр их ирнэ. Эхлээд жижиг гэр хажуудаа бариад “Байгалийн музей” байгуулсан. Түүндээ уулынхаа амьтад, араатан, жигүүртний чихмэл, эвэр, толгой...тэргүүтэн, байгалийн өвөрмөц онцлогийг харуулсан үзмэрээр дүүргэн жуулчдыг татаж эхэлсэн байна. Жуулчид хэд гурван төгрөгөөр музейг үзэж сонирхоод явдаг, танай энд хоноглож болох уу гэж асуудаг байснаас санаа авч хэдэн гэр бариад жуулчин авчихдаг, тэдэндээ өөр өөрийнх нь орны хөгжмийг тавьж зугаацуулдаг болсон аж. Баякагийн үзмэр баялаг... Тухайлвал насаараа цуглуулсан янз бүрийн загварын нүдний шил, футволк, куртик,,, гэрийнх нь ханаар дүүрэн өлгөөстэй... Солонгос, Америк, Япон, Хятадын дуу хөгжмийг төрөлжүүлээд бэлдчихсэн, ямар л орны жуулчид ирнэ, тэдэнд тохирсон дуу хөгжмөөр үйлчлэхэд бэлэн...
Сайн санаж явахад аз хүртэл гийнэ. Нэг санамсаргүй тохиол болсон нь Баяка нэг компаниас брендийн пүүз хоёр хосыг худалдаж аваатахсан чинь Азын сугалаа таарч “Харьер” маркийн сувдан цагаан машин хожсон гэж байгаа. Анх мотоциклиор л Бага газрын чулуугаа хөндлөн гулд давхиж мал сүргээ хариулдаг байсан бол хэдэн жилийн өмнөөс сувдан цагаан өнгөтэй “Харьер” машинаараа давхиж явдаг болжээ.
Дундговь аймгийн Адаацаг сумын малчин Мижиддоржийн Баярцогт буюу Баяка гэж ийм л өвөрмөц имежтэй, сайхан сэтгэлтэй, дуу хөгжмийн авьяасын “Тэнгэр” нэгэн одоо жаран насны босго алхсан ч ачит ээжтэйгээ аж төрөн бөмбөрөө нүжигнэтэл тоглосоор, Бага гарын чулуундаа цуурай таттал дуу хөгжмөө хангинуулсаар явна.
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.